“Шүүхийн шинжилгээний тухай” хуулийг хүлээн авлаа
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд "Шүүхийн шинжилгээний тухай" хуулийг хүлээн авах ёслолын ажиллагаа өнгөрсөн бямба гаригт боллоо. Энэ хууль нь шүүхийн шинжилгээний байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үндсэн чиг үүргийн албадын үйл ажиллагааг зохицуулах, алба хаагчдын эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна. Энэ байгууллага нь гэмт хэрэгтний үйлдлийг шинжлэх ухааны үндэстэй баталж, нотолж, таслан зогсоох ажлыг цагдаагийн байгууллагатай хамтарч гүйцэтгэх аж. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишигт тус хуулийг гардуулсан юм. Ч.Алтанхишиг ёслолын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ "Энэ хууль тийм ч амар босч ирээгүй. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн үзэл баримтлал нь Монгол Улсын Үндсэн хуулийн тулгуур зарчмуудад нийцэж, эрх зүйт төрийн бодлого гүн шингэсэн, шударга ёс, хуулийг дээдлэх хүний эрх, эрх чөлөөг бодитой шинжлэх ухааны үндэслэлтэй хийх гэсэн зарчмуудыг тогтоож өгсөн. Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэн нийт бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа чин шударгаар гүйцэтгэж, иргэд болон хамтран ажилладаг цагдаа, шүүх эрх мэдэл, хууль хяналтын байгууллагад ажил үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэж, үзлэг шинжилгээний чанар хугацааг, хуульд заасан шаардлагын хэмжээнд байлгаж, ил тод шуурхай үйл ажиллагааг эрхэмлэн, албан хаагчдын мэдлэг ур чадварыг ахиулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно" гэв.