Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 63 дугаар тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг байгуулан ажиллаад гурван жил гаруй хугацаа өнгөрч байгаа. Тус байгууллага нь гэм бурууг эргэлзээгүй, шинжлэх ухааны аргаар нотлох чухал ач холбогдолтой байгууллага юм.
Монгол Улсын Их хурлын 1998 оны 18 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр"-ийн 44 дүгээр заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2003 оны гуравдугаар сард зохион байгуулсан Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөлгөөнөөс гаргасан зөвлөмжинд "...Шүүхийн шинжилгээний байгууллага, шинжээч нарыг нэгдмэл зохион байгуулалтад оруулах асуудлыг..." холбогдох байгууллагад тавьж шийдвэрлэх гэснийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний төв (ШШҮТ)-ийг байгуулсан юм.
Тус төвд Эрүүл мэндийн яамны харьяа Шүүх эмнэлгийн магадлах төв, Сангийн сайдын дэргэдэх Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо, Цагдаагийн ерөнхий газрын Шинжилгээний хүрээлэнг нэгтгэсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн зохион байгуулалтын бүтцийг дэлхийн тэргүүлэгч орны ижил төстэй байгууллагын жишгээр хийсэн.
Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд "Шүүхийн шинжилгээний тухай" хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа ба шинжилгээний байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, удирдлагын зарчим, алба хаагчдын эрх зүйн байдал, эрх, үүрэг нийгмийн баталгаа хуульчлагдах юм.
Шүүхийн шинжилгээний байгууллагыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, бүтцийг боловсронгуй болгох аймаг, нийслэлийн албадыг нэгдсэн бодлого чиглэлтэйгээр шууд удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, үнэлж дүгнэх, материаллаг баазыг нь бэхжүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага бий болсон билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн 270 дугаар тогтоол гаргаж, Аймгийн цагдаагийн газар, хэлтсийн криминалистикийн шинжээч, аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх-шинжээч эмч нарыг нэгтгэн Аймгийн шүүхийн шинжилгээний алба, Нийслэлийн дүүрэг, Төмөр замын цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газрын криминалистикийн шинжээч, шүүх эмнэлгийн шинжээч эмч нарыг нэгтгэж Нийслэлийн шүүхийн шинжилгээний албыг байгууллаа.
Аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний алба нь цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүний хамт хэргийн газрын үзлэгт оролцон ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж бэхжүүлэхээс гадна гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримтад гарын хээний, хуурамч бичиг баримт, гарын үсгийн, мөр судлалын зэрэг криминалистикийн шинжилгээ, шүүх задлан шинжилгээ, эд эрхтний гистологи шинжилгээ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг, цусны бүлэг, цусан дахь согтолтын зэрэг тогтоох, шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх зэрэг анхан шатны шинжилгээг хуулийн хугацаанд нэгж, албадад хийж шинжээчийн дүгнэлт гаргана.
Урьд нь улсын хэмжээнд гарсан гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримтад хийх шинжилгээг зөвхөн Улаанбаатар хотод хийж дүгнэлт гаргадаг байсан ба энэ нь иргэд, хуулийн байгууллагад хүндрэл, чирэгдэл учруулж гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх ажилд сөргөөр нөлөөлж байсан.
Аймаг бүрт Шүүхийн шинжилгээний алба байгуулснаар:
-Нэгж албанд криминалистикийн, шүүх эмнэлгийн, хими, биологийн шинжилгээ хийх боломжтой болно.
-Хууль сахиулах байгууллага, иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжид үйлчлэх үйлчилгээг чирэгдэл, хүндрэл учруулахгүй хурдан шуурхай болгоно.
-Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлэгт клиник-амбулаторийн үзлэг хийж үзлэгээр гэмтлийн зэрэг тогтоох үүрэгтэй чих-хамар хоолой, нүд, шүд, мэдрэл, эх барих-эмэгтэйчүүдийн, дүрс оношилгооны зэрэг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн кабинетыг байгуулна гэж төлөвлөж байна.
Энэ арга хэмжээ нь иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал алхам болохоос гадна шинжилгээний чанарыг сайжруулах, дүгнэлт гаргах хугацааг богиносгох ач холбогдолтой юм.
Шүүхийн шинжилгээний байгууллагын материаллаг бааз, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар, Улсын Их Хурлаас олон чухал арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа нь тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад ихээхэн дэмжлэг өгч алба хаагч, ажилтнуудын ажиллах урам зориг нэмэгдэж байна.
Улсын Их Хурлын 2006 оны "Хуулийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай" 54 дүгээр тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн криминалистикийн болон шүүх эмнэлгийн лабораториудыг шинэчлэн тоноглох, аймаг, нийслэлийн албадад криминалистикийн болон шүүх эмнэлгийн шинжилгээний лаборатори байгуулахад зориулан 2.4 тэрбум төгрөгийг 2007 оны төсөвт суулган өгч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс найман тендер зарлан дүгнэж гарын хээг автоматаар харьцуулах "Папилон" систем, Гений оношилгооны /DNA/ДНХ/, хими, физик техникийн шинжилгээний тоног төхөөрөмж, криминалистикийн хуурамч мөнгөн тэмдэгт, баримт бичиг шинжлэх систем, гэрэл зургийн аппарат, видео камер, согтолтын зэрэг тогтоох аппаратур, компьютер, принтер зэрэг тоног төхөөрөмж, урвалж бодисыг худалдан аваад байна.
Гарын хээний "Папилон" системийг Нийслэлийн дүүрэг, бүх аймгийн албадад суурилуулах бөгөөд ингэснээр Шүүхийн шинжилгээний үндэсний төв нь Улсын хэмжээний нэгдсэн компьютерийн дотоод сүлжээтэй болж гэмт хэргийн холбогдолтой мэдээ, мэдээллийг хурдан шуурхай дамжуулж гэмт хэрэг илрүүлэхэд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах ба цаашид Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв зэрэг байгууллагуудтай сүлжээгээр холбогдон дотоод, гадаадын иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж сан бүрдүүлэх ажилд ашиглах боломжтой.
Шүүхийн шинжилгээний байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, ажлын хэвийн нөхцөлийг хангах талаар Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авсан шат дараалсан арга хэмжээний дүнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн лабораториудын 80 хувийг шинэчлэн тоноглосон ба албаны шинэ байранд шилжин орно.
Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн криминалистик, шүүх эмнэлгийн шинжилгээний лаборатрид хуучин ЗХУ, Польш, БНАГУ зэрэг оронд 1970-1980 онд үйлдвэрлэгдсэн гар ажиллагаатай, хүчин чадал, оношилгооны чадвар муутай техник хэрэгслүүдийг хэрэглэж байсан байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн албан контор, лабораторийн зориулалтын 3656 м.кв талбайтай доороо гараажийн зориулалтын зоорь бүхий зургаан давхар барилгын ажлыг барилга үйлдвэрлэлийн "Суурь" ХХК 1.250.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн энэ оны долдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Шүүхийн шинжилгээний байгууллага нь хэргийн газрын үзлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, ул мөр, эд мөрийн баримтад дэвшилтэт технологи бүхий лабораторийн техник хэрэгсэл ашиглан шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэн зөв дүгнэлт гаргана гэж хэтийн зорилтоо тодорхойлж, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого"-д заасан стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор 2009-2021 оны хөгжлийн дунд хугацаанд болон хэтийн стратеги хөтөлбөрийг боловсрууллаа.
Энэ хөтөлбөр зорилт хэрэгжсэнээр шүүхийн шинжилгээний байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодис, зам тээврийн болон галын осол хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох, аудео, видео бичлэг, компьютерийн болон е-электрон техник, тоног төхөөрөмжийг шинжлэх, биологийн гаралтай ул мөр, эд мөрийн баримтад генийн оношилгооны буюу ДNА / ДНХ-ийн шинжилгээ хийх орчин үеийн техникээр иж бүрэн тоноглогдсон лабораториудыг байгуулж, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдах юм. Байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагын үүднээс Шүүхийн шинжилгээний байгууллагыг Олон улсын Шүүхийн шинжилгээний байгууллагуудын холбоонд гишүүнээр элсүүлэхээр төлөвлөөд байна.
Шүүхийн шинжилгээний байгууллагын хөгжлийн стратеги төлөвлөгөөнд зөвхөн техникийн шинэчлэлийг тусгаагүй бөгөөд байгууллагын статусыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгох аймаг, нийслэлийн албад ажлын байртай болох, алба хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж нэгдсэн орон сууцанд оруулах, цалинг нэмэгдүүлж албаны тусгай нэмэгдэлтэй болох, криминалистик, шинжээч-эмч, санхүү-эдийн засгийн мэргэжлийн шинжээчээр бүрэн хангагдаж нэг алба хаагч шинжээчид ногдох ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг олон асуудлыг цогц шийдэхээр төлөвлөж байна.
Шүүхийн шинжилгээний албаны хөгжлийн стратеги төлөвлөгөөний эцсийн үр дүнг Шүүхийн шинжилгээний алба, лабораторийг дэлхийн бусад орны ижил төстэй байгууллагын хөгжлийн түвшинд хүргэхээр төсөөлж байгаа юм.
Өдрийн сонин 2008.06.27