2012-01-10
ШШҮТ-ийн захирал Ч.Алтанхишиг "ярилцлага"

Ч.Алтанхишиг: Шинжээчийн дүгнэлттэй үл маргах зарчимд шилжих хэрэгтэй байна


Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойд  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Ч.Алтанхишиг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэдэг онцгой байгууллага. Байгууллагийнхаа үйл ажиллагааны талаар  манай сайтын уншигчдад танилцуулахгүй юу?

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн байгуулагдаад зургаан жил болж байна. Монгол Улсын Их хурлын 1998 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн 44 дүгээр зүйлд “...хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх прокурор болон хууль сахиулах бусад байгууллагатай ажлын нягт уялдаа холбоотой криминалистик, шүүх-эмнэлэг, санхүү нягтлан бодох бүртгэл зэрэг магадлан шинжилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээ авна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 63 дугаар тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг байгуулсан.  Манай байгууллага эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж,  шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм. Шүүхийн шинжилгээг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтад оруулах бодлого зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 270, 2008 оны 67, 68 дугаар тогтоолоор Аймаг, нийслэлийн Шүүхийн шинжилгээний албыг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулан орон тоо, материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ажлын шаардлага хангасан контор, лабораторийн байртай болгох асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд манай байгууллага дэлхийн өндөр хөгжилтэй орон, ялангуяа Азийн орнуудын жишигт хүргэх чиглэлээр нэлээд ажил санаачилж хийж байгаа.  Энэ жил олон түүхт ой тохиож байна. Хууль зүй дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулаад хууль зүйн албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тэдний залгамж халааг нэр төртэйгөөр авч явж байгаа Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа агентлаг байгууллага яамны нийт хамт олон та бүхэндээ энэхүү боломжийг ашиглан  100 жилийн ойн баярын мэнд хүргэж аз жаргал хөдөлмөрийн өндөр амжилт  сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе. Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэн гэдэг байгууллагад  Цагдаагийн ерөнхий газрын харьяанд байсан Криминалистикийн шинжилгээний төв, Эрүүл мэндийн яамны харьяа Шүүх эмнэлгийн магадлах товчоо, Сангийн сайдын дэргэдэх Нягтлан бодох бүртгэлийн магадлах товчоо гэсэн гурван байгууллагыг нэгтгэсэн юм. Шүүхийн шинжилгээний байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг бүрдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх орчин үеийн өндөр хүчин чадалтай лабораторийн техник төхөрөөмжөөр тоноглох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

-Шүүхийн шинжилгээний хүрээлэн ямар бүтэц зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 43 дугаар тушаалаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүтэц, орон тоо            

-Тамгын хэлтэс

-Криминалистикийн шинжилгээний хэлтэс

-Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс

-Эдийн засгийн шинжилгээний хэлтэс

-Санхүү, төлөвлөлтийн хэлтэс

-Шинжилгээний лабораторийн хэлтэс

-Хангалт, аж ахуй, үйлчилгээний тасаг

-Аймаг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний алба гэсэн хэсэг хэлтэс албадтай байхаар болсон.

-Танай байгууллагын ачаалал хэр байдаг юм бэ?

-Сүүлийн таван жилийн хугацаанд ачаалал өссөөр ирсэн.  Аймаг орон нутагт салбар албадыг бий болгосон. Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолоор нийслэлийн бөгөөд аймаг нийслэлд Шүүхийн шинжилгээний албыг байгуулсан. Баян-Өлгий аймагт гэмт хэрэг гарлаа гэхэд бид тийшээ очиж хэргийн холбогдолтой эд мөрийн баримтыг шинжилнэ.  Эсвэл Баян-Өлгийгөөс Улаанбаатар уруу  шинжилгээ хийлгэхээр баримтыг явуулдаг байсан. Гарын хээ, биологийн, цусны шинжилгээний дээж зөөвөрлөх явцад алга болдог, зун ялзарч муудах, замдаа хагарч асгарах тохиолдол гарна.  Энэ асуудлыг цэгцлэхээр аймаг болгонд өөрийн албыг байгуулж, газар дээр нь шинжилгээг нь хийгээд дүгнэлтээ гаргаад хэрэг бүртгэл, мөрдөн байцаах байгууллагад нь өгч байх ёстой юм.

-Хэчнээн аймагт шүүх шинжилгээний алба байгуулаад байгаа вэ?

-21 аймаг, нийслэлд 22 нэгж байгаа. Мөн гэмт хэрэг их гардаг, хүн амын төвлөрөл ихтэй Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Завхан, Өвөрхангай зэрэг аймагт хэсэг байгуулж эхэлсэн. Жишээ нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд хэсэг байгуулсан.  Сэлэнгийн Мандал суманд гэмт хэргийн гаралт их. Тэнд цагдаагийн хэлтэс, прокурор, шүүхтэй. Гэтэл шинжээч байдаггүй заавал Сэлэнгээс хэргийн газарт очиж үзлэг хийж дүгнэлт гаргах болдог. Тиймээс тэнд шүүх шинжилгээний хэсэг байгуулсан. Одоо хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт нь нэлээд шуурхай болсон. Ер нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн бэхжиж байгаа.

-Лабораторийн шинжилгээг шуурхай хийж чадаж байгаа юу. Лабораторио бэхжүүлэхэд гадны туслалцааг хэр авдаг вэ?

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн байгуулагдаад шинжилгээний лабораторийн аппарат тоног төхөөрөмж,  техник хэрэгслэлийн шинэчлэлийг үндсэндээ 80-85 хувьд хийсэн.  Монгол Улсын Их Хурлын 2006 оны “Хуулийн байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” 54 дүгээр тогтоолоор төвийн шинжилгээний техник, тоног төхөөрөмжийн шинэчлэн тоноглоход зориулж 2007 оны Улсын төсөвт 2.4 тэрбум төгрөг тусгаж өгсөн. Энэ тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНК-ийн, гарын хээний, галт зэвсгийн, хуурамч бичиг баримт үнэт цаас шинжлэх, шүүх эмнэлгийн гистологийн болон хэргийн газрын үзлэгийн зориулалтын цүнх, 21 аймаг нийслэлийн дүүргүүдэд криминалистикийн болон шүүх эмнэлгийн чиглэлийн анхан шатны шинжилгээ хийх зориулалтын лабораторийн тоног төхөөрөмж худалдан авч суурилуулан одоо ашиглаж байна. Гарын хээний, галт зэвсгийн, эзэнгүй гэмт хэргийн зэрэг улсын нэгдсэн болон төрөлжсөн санг ашиглаж байна. Саяхан дуу авианы оношлогоо хийх лабораторийн тоног төхөөрөмж  худалдаж аваад ашиглалтанд оруулаад байна цаашид өрөгжүүлэх шаардлагатай байгаа. Шинжилгээний лабораторийн төхөөрөмж авахад өндөр өртөгтэй байдаг. Багахан оврын шинжилгээний багаж авахад л сая гаруй ам.долларын үнэтэй. Хамгийн хямд нь 100-200 сая ам.доллар.  Лабораторио нэг зэрэг шинэчлэхэд  санхүүгийн бэрхшээлтэй.  Тиймээс шинэчлэлийг үе шаттайгаар хийж байна. Гадны тусламж хоёр хандлагатай. Эрүүл мэндийн байгууллагад хандив тусламж өгөхдөө дуртай, харин, цагдаа, цэрэг хүчний байгууллагад туслахдаа дургүй байдаг. Гэхдээ 2004 онд Японы “Жайка”-гийн тусламжаар 150 сая ам.долларын өртөг бүхий өнгөт гэрэл зургийн лаборатори, химийн шинжилгээний лабораторийн төхөөрөмжийг тусламжаар хүлээн авсан.  Одоо эдгээр техник хэрэгслэлийг  ашиглаж байгаа. 

-Гэмтлийн зэргийг хэрхэн тогтоодог юм бэ?

-Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн үндсэн үүрэг нь  гэмт үйлдлийн  улмаас хохирсон иргэдэд учирсан  гэмтлийн зэргийг тогтоох,  хоёрдугаарт гэмт хэргийн улмаас болон бусад шалтгаан нөхцөлийн улмаас амь насаа алдсан иргэдийн үхлийн буюу  нас барсан шалтгааныг тогтоох  явдал юм.         Нас барсан шалтгаан нөхцөлийг тодорхойлохдоо чухам ямар хүчний үйлчлэлийн улмаас жишээлбэл, галт болон хүйтэн зэвсгийн үйлчилэлээр аль эсвэл авто аваарын улмаас ч гэдэг юм уу, мохоо зүйл буюу мод чулуу ашиглан зодуулсаны улмаас ч гэдэг юмуу аль эсвэл архаг хууч өвчний улмаас нас барсаны аль нь болохыг  лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн гаргадаг. Гэмтлийн зэргийг тогтоохдоо ч гэсэн нарийн мэргэжилийн эмч нарын үзлэг оншилгоо, рентегэн болон компютер томограф, MRI болон бусад лабораторийн нарийн шинжилгээ оншилгооны дүнг үндэслэл тогтоодог юм. Гэмтлийн зэргийн зааврыг Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайд,  Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 07 сарын 19 ны өдрийн 135/256 дугаар тушаалаар баталсан “ Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ыг үндэслэн гаргадаг.  Энэ журмын дагуу хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж гурав ангилж байгаа.

-Кримналистикийн шинжилгээ хийх боловсон хүчнээ хэрхэн бэлтгэдэг юм бэ?

-Кримналистикийн шинжээчдийн хувьд  санаа зовох зүйлгүй. Манай албан хаагч, шинжээч мэргэжилтэнгүүдийн ур чадвар сайн. Яагаад гэвэл криминалистикийн шинжээчдийг  уламжлалаараа бэлтгээд ирсэн. Өнөөдрийн байдлаар Дотоод хэргийн  их сургуульд жилд дунджаар 30-35 хүн бэлдэж байна. ОХУ-ын Дотоод явдлын яамны Волгоградын их сургуульд нарийн  мэргэжлийн криминалистикийн шинжээчдийг бэлтгэж байна. Энэ тал дээр боловсон хүчний бодлого алдагдаагүй.

-Тэгвэл шүүх эмнэлгийн эмч нар ур чадварын хувд ямар төвшинд байгаа бол?

-Шүүх эмнэлгийн хувьд сүүлийн 10-аад жил боловсон хүчний бодлого алдагдсан болов уу гэж бодогдож байгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуульд  шүүх эмнэлэг, эмгэг судлалын тэмхим гэж бий. Тэнд нарийн мэргэжлийн эмч бэлтгэдэггүй. Шүүх эмнэлгийн эмчийн чиглэлээр лекц яриа ороод явдаг. Ерөнхий эмчийн суурин дээр бид шинжээч эмч бэлтгэж байгаа. Өөрөөр хэлбэл, Шүүх эмнэлгийн хэлтсийн материаллаг бааз, лаборатори, задлан шинжилгээний өрөөгөө ашиглаад аймаг орон нутаг болоод төвийн шинжээчдээ бэлтгэж давтан сургаж  дадлагажуулж байна. Энэ жилээс шинжээч эмчийн мэргэжил олгох резидентийн  сургалт явуулах эрхээ авахаар хөөцөлдөж байна. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болоод бусад эрүүл мэндийн сургуулиуд шүүх эмнэлгийн мэргэшсэн шинжээч эмч бэлтгэдэггүй учраас дэргэдээ мэргэшүүлж сургаад дараа нь сертификат олгох шаардлагатай байгаа.  Шинжээч эмчийн ажил маш хүнд мэргэжил.

-Шүүхийн  хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх тал шинжилгээний дүгнэлт дээр их маргалддаг.  Иргэд ч шинжилгээнд үл итгэх байдал гаргах нь олонтаа. Юунаас шалтгаалж хардлага үүсдэг юм бэ?

-Бусад оронд шүүхийн шинжилгээний байгууллагийн  шүүх эмнэлгийн, лабораторийн шинжилгээний  дүгнэлттэй эргэлздэг өмгөөлөгч, шүүгч, цагдаа битгий хэл иргэн ч байдаггүй юм. Гадны оронд шинжээч эмч, хими физик биологийн лабораторийн шинжээч нар  ихэвчлэн олон жил ажилласан дадлага туршлагатай  доктор, профессорууд байдаг. БНХАУ, БНСУ, Японд маргах асуудал гардаггүй. Харин монголд эсрэгээрээ шүүх эмнэлгийн дүгнэлтийн ач холбогдлыг бууруулах гэж оролддог. Маргаантай шинжилгээг батлуулах, давтан шинжилгээ хийлгэхээр гадаадад очиход их гайхаж хүлээж авдаг. Шинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны үндэслэлтэй гардаг. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа болон шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлттэй  маргахгүй байх зарчимийг баримтлах хэрэгтэй. Тиймээс бидний ойрын ирээдүйн зорилт бол шинжээчийн дүгнэлттэй үл маргах зарчимд шилжих асуудал юм. Энэ тал дээр шинжээч нарын мэдлэг ур чадварыг ахиулах, давтан сургах, техникийн шинэчлэл хийх  асуудалд  түлхүү анхаарна. Болж өгвөл эрдмийн зэрэг хамгаалуулж, олон улсын зэрэгтэй шинжээч, эрдэмтэд болгомоор байна. Ер нь шүүхийн шинжилгээний байгууллагыг хоёр чиглэлээр хөгжүүлэх шаардлагатай гэж санагддаг. Нэгдүгээрт үндсэн чиг үүргийн дагуу  гэмт хэрэг илрүүлэх нотлон тогтоох үйл ажиллагаагаар, хоёрдугаарт гэмт хэргийг илрүүлэх нотлон тогтоох чиглэлээр өөрийн орны онцог нөхцөлд тохирсон суурь шинжлэх ухааны шинэ арга барил эрэлхийлэх, судлах, түүнийг амьдралд  нэвтрүүлэх  асуудал юм.

-Шинжээч дүгнэлт гаргах явцад дарамтлах тохиолдол гардаг уу?

-Саяхан телевизээр “Хуулийн цоорхой” гэж нэвтрүүлэг үзлээ. Хөтлөгч нь өмгөөлөл хийдэг гэх нэг нөхөр байна. Үзэгч утсаар холбогдоод шинжээчийн дүгнэлт ингэж гарсан гэсэн чинь “Өө аваад ир би үзээд өгье” гэх юм. Шүүхийн шийдвэр тэгж ажиллалаа гэхээр “Өө надад ханд би, шийдээд өгье” гээд л их мундаг универсаль нөхөр байсан.  Шүүхийн шинжилгээ гэдэг тэр хүний яриад байгаа шиг амладаг ажил биш.  Шинжээч нар  дүгнэлт гаргахын тулд маш их хөдөлмөрлөж оюун санааны асар их хүч гаргадаг. Манай шинжээчдийн ашиглаж хэрэглэж байгаа аппарат техник хэрэгсэлэл тоног төхөөрөмж нь шинэчлэгдэж байгаа хэдий ч шинжээчийн дүгнэлт гаргахдаа шинжээч өөрөө биечлэн үр дүнг нь нягтлан шалгах шаардлагатай байдаг. Ийм ч учраас шинжээчийн ажил хүнд байнга ажлын ачаалал ихтэй байдаг. Ялангуяа, ард иргэд, гэмт этгээд болон хохирогчийн зүгээс маш их харддаг. Гэмт этгээд хэрэг хийчихээд хэзээ ч ”Би хийсэн” гэж хэлдэггүй. Аав ээжээ алдсан хүн их гомдолтой байгаа нь мэдээж.  Энэ бүгдээс авахуулаад дарамт ирдэг. Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч эмч, криминалистикийн шинжээч  нар нарийн мэргэжлийн лабораториор шинжлүүлж, гарцаагүй  баталгаажуулж байж хэрэгтэнд энэ чиний ДНК мөн гэж хэлж байж хэргийг нь нотлож өгдөг. Хуучин хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үед гэрчийн  мэдүүлэгээр хэргийг хүлээлгэдэг байсан. Одоо үүнийг болиулж гарцаагүй шинжилэх ухааны үндэслэлтэй  нотлох баримтаар хэргийг шийддэг болсон. Түүнээс биш амны зоргоор шинжээчийн дүгнэлтийг гаргадаггүй. 

-Танай байгууллага олон улсын байгууллагад нэгдсэн үү?

-Манай байгууллагын олон улсын харилцаа холбоо өргөжин тэлж байгаа Азийн олон улсын шинжилгээний байгууллага, Олон улсын хор судлалын байгууллага, Олон улсын шүүх шинжилгээний байгууллагад гишүүнээр элссэн. ОХУ, Беларус, Турк, АНУ, БНХАУ, БНСУ-ийн шүүх шинжилгээний байгууллагатай хамтарч ажилладаг. Ажиглаад байхад олон улсын шүүх шинжилгээний байгууллагад эрүүл мэндийн, техникийн, химийн, физикийн ухааны эрдэмтэд ажилладаг. Тэдний гаргасан шинжилгээг хэн ч эсэргүүцэх эрхгүй байдаг. Саяхан Туркийн Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга манай улсад айлчилал хийсэн. Энэ хүрээнд Турк Улсын хууль зүйн яамны харьяа шүүх эмнэлгийн албанд шинжээч эмч нарыг сургах давтан сургах харилцан төлөөлөгч солилцож урт богино хугацааны сургалт  зохион байгуулах асуудлыг ярилцаж санамж бичигт гарын үсэг зурсан. Өнгөрсөн жил Беларус Улсын шүүх эмнэлгийн нарийн мэргэжилтэн Монгол Улсад ирж  гурван сар ажиллахдаа манай төвийн 30, аймгийн 15 эмчийг  сургалтад хамруулсан. Бид Беларус Улс руу 50 хүн явуулж сургаж чадахгүй шүү дээ. Энэ мэтээр гадны чадварлаг мэргэжилтэнг урьж доод тал нь гурван сар, бүр жилийн хугацаанд ажиллуулж хүмүүсээ сургах ажилд  анхаарч байгаа. Олон улсын хар тамхи мансууралтай тэмцэх холбооны чиглэлээр  жилд нэгээс хоёр хүнээ сургалтад явуулах гэрээ байгуулсан. Техникийн туслалцаа үзүүлэх асуудал ярилцаж байгаа. Өнгөрсөн жил Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ахалсан ажлын хэсэг Вена хотод байдаг НҮБ-ын Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний төвд очиж хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулсан. Гадаад хамтын ажиллагаа сайжирч байгаа.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажилллагааны гурав дахь чиглэл нь эдийн засгийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах. Сүүлийн үед энэ төрлийн хэрэг өсөх хандлагатай байна. Үүнийг дагаад ажлын ачаалал тань өсч байна уу?

-Ачаалал өсч байгаа. Жилд 100 орчим эдийн засгийн гэмт хэрэгт шинжилгээ хийдэг байсан. Эхний есөн сард энэ тоо 100 хол давчихсан байна.  Шүүхийн эдийн засгийн шинжилгээ гэдэг зөвхөн санхүү нягтлан бүртгэлийн ажил биш. Цаад утгаараа өөр зүйл байдаг.  Үүн дотор үнэлгээ байх ёстой. Өөрөөр хэлбэл,  материалын үнэлгээ, барилгийн материалийн  даац нь хэр байна. Бетон хана стандартын дагуу байна уу гэдгийг үнэлдэг байх ёстой.

-Хэн болох нь тодорхойгүй цогцос их олддог. Эдгээрийг таньж, эзэн холбогдогчийг тогтооход хэр хүндрэл гардаг вэ?

-Хэн болох нь тодорхойгүй харьяалах эзэнгүй цогцос сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа. Энд тэндэхийн траншейд амьдардаг, гэр оронгүй, бүртгэлгүй иргэд олон. Энэ хүмүүс нас барсан тохиолдолд манай шүүх эмнэлгийн  хэлтэст авчраад үзлэг шинжилгээ хийж нас барсан шалтгааныг тогтоодог. Ингээд ар гэрийнхэн нь олдохгүй бол манай ажилтнууд цогцыг оршуулдаг. Сүүлийн үед ийм хэргийн тоо өсч байгаа. 2009 оны нэгдүгээр улиралд ийм иргэний тоо 46 байсан бол энэ жил 162 болчихсон явна. Энэ бол аймшгийн тоо. Ер нь жилд 100 орчим хүнийг оршуулдаг болоод байгаа. Эзэнгүй цогцын сан гэж бүрдүүлдэг. Карт нээж зургийг нь аваад, содон тэмдгийг бичиж архивладаг.

-Ам зургаар хэрэгтэн таних аргыг хэр хэрэглэдэг вэ. Ам зураг хэргийн бодит холбогдогчтой таардаг уу?

-Ам зураг нь криминалистикийн нэг салбар. Энэ салбар хөгжөөд 20 жил болсон. Энэ чиглэлээр маш сайн ажилладаг.  Хоёр жилийн өмнө дур зураг бүтээх компьютерийн лаборатори байгуулсан. Монгол хүмүүсийн төрх Европын иргэнээс өөр.  Бид өөрийн орны төрхтэй хүмүүсийн зураг оруулдаг. Тэндээс нь нүд хамрыг татаж авдаг. Зөвхөн дүр зураг гаргахдаа биш. Ялангуяа, эзэнгүй цогцосны  гавлаар адилтгал хийгээд эрэгтэй, эмэгтэй хүнийг таньж болдог. Мөн гавлын яс давхцуулаад тухайн хүн мөн эсэхийг мэдэж болж байгаа. Энэ жил лабораторидаа хэд хэдэн багаж нэмж авна.  Ирэх жилийн эхний хагаст нэлээд ололттой болно гэж бодож байна.

-Галт зэвсгийн лабораторитой юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Гэмт хэргийн улмаас үүссэн сумны ул мөрийг бид шинжилдэг. Буудлагын мөр, хонгио хошууг шинжилж сан бүрдүүлж байна. Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль 2002 онд батлагдаж иргэдийн гар дээр байгаа ангийн зориулалттай галт зэвсгийн сан бүрдүүлэх ажлыг бид хийсэн. Санд байгаа мэдээллийг ашиглаад жилд 10-15 хэрэг илрүүлдэг.

-Хуурамч гарын үсгийг илрүүлэх амархан болсон. Танайх мэргэжлийн өндөр төвшинд судалдаг болсон байна билээ. Гарын хээ, гарын үсэг хуурамчаар үйлдсэн хэчнээн хэргийг илрүүлж байна даа?

-Бичиг судлал, гарын хээ зэрэг нь нэлээд хөгжсөн. Энэ лабораторид гарын үсгээс гадна хуурамч мөнгөн дэвсгэрт, хуурамч бичиг баримт шинжилдэг. Бусдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, 1О жилийн сургуулийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, жолооны хуурамчаар үйлдэж байна. Швейцарийн шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар энэ төрлийн хэргийг дор нь илрүүлж байгаа. Хуурамч юань, ам.долларыг сэвгүй шахам хийж байна. Энэ нь мөнгө тоолдог машинаар торохгүй гарчихдаг юм билээ. Энэ бүгдийг манайх мэргэжлийн төвшинд илрүүлдэг.

-Гэмт хэргийн улмаас нас барсан иргэнийг заавал задлан шинжилгээнд оруулдаг. Зарим тохиолдолд цогцос өмхийрч, ялзарсан байдаг. Задлан шинжилгээний эмч энэ бүхэнтэй заавал “нүүр тулдаг”. Хүнд нөхцөлд ажилладаг албан хаагч нарынхаа эрүүл мэндэд хэр анхаардаг вэ?

-Задлан шинжилгээний өрөө лабораторийг шинэчлэх тоноглох ажлыг саяхан хийж дуусгалаа. Агааржуулалтын системтэй болох эмч нараа вакцинжуулах, албан хаагч нартаа анхан шатны аюулгүй байдлыг хангах нөмрөг,  бээлий зэргийг авч өгдөг. Гэхдээ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна.  Ялангуяа, орон нутагт ажиллаж байгаа шинжээч эмч нарын ажлын байрны нөхцөл хүнд. Ганц хоёроороо ажилладаг, цалин нь бага.  Тиймээс хөдөө ажиллах боловсон хүчин олддоггүй. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ бүгдийг харгалзаж үзээд 2009 онд Шүүхийн шинжилгээний байгууллагын тухай хууль санаачилж батлуулсан. Энэ хуульд зааснаар өнгөрсөн жилээс бид төрийн тусгай албан хаагч болж тангараг өргөсөн.  Мөн цагдаагийн дүрэмт хувцас өмсөх болж, офицерийн бүрэлдэхүүнд шилжсэн. Үүний дагуу удаан жилийн нэмэгдэл, цолны мөнгөө аваад нэг талаасаа гайгүй л болж байна. 

-Шүүхийн шинжилгээний байгууллагыг олон улсынхтай харьцуулбал хаах нь “хурдалж” яваа вэ?

-Дэлхийн орнуудтай харьцуулбал дундаас жаахан дээгүүр төвшинд ажиллаж байна. Шүүх шинжилгээний байгууллага болж өгвөл ойрын 5-10 жилийн  хугацаанд Азийн төвшинд хүрэх зорилт тавьсан. Үүний тулд техникээ шинэчлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгаа.  

-Анхны шинжилгээнд эргэлзэж давтан шинжилгээ хийлгэх тохиолдол олох гардаг уу?

-Болж өгвөл давтан шинжилгээ хийдэг асуудлыг зогсоомоор байгаа юм. Маргаан гарсан тохиолдолд дахин бүрэлдэхүүн томилж давтан шинжилгээ хийдэг. Нэмэлт шинжилгээ хийж болно. Шинэ баримт, шинэ зүйл гарч ирвэл үүнийг шинжилж болдог. Түүнээс биш анхлан хийсэн шинжилгээг прокурор, өмгөөлөгч хоёр үгүйсгээд байх нь утгагүй. Давтан шинжилгээг хийх тусам будлиан гарах магадлал өндөр. Гэхдээ лабораторийн шинжилгээ эсвэл гарын хээний шинжилгээ хийсэн байхад хэн ч маргадаггүй. Үүнтэй адил ДНК, цусны, химийн шинжилгээг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэмтлийн зэрэг ч ялгаагүй журмыг нь батлаад өгчихсөн. Жишээ нь тэдэн хавирга хугарвал хүнд гэмтэл, хавирга хугараагүй зөөлөн эдийн гэмтэл бол хөнгөн гээд заачихсан. Гэтэл л маргаад байдаг.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцья?

-Техникийн өндөр дэвшил бүхий цаг үед бид амьдарч байна. Электрон техник хэрэгсэл, гар утас хөгжсөн эрин амьдарч байгаа. ОХУ-д хүүхдийг нь барьцаалаад утсаар мөнгө нэхэж байна. Энэ хэрэг дэлхий дахин нэлээд дэлгэрсэн. Дэлбэлж, шатааж байна. Саяхан туршлага судлахаар гадаадад явж байгаад дэлбэлж орхисон гар утасны жижигхэн хэлтэрхийг ашиглаад хамгийн сүүлд ярьсан яриа,  дүрс бичлэгийг сэргээж болж байна. Ийм  дэвшил рүү бид зүтгэмээр байна. Манайх тэсэрч дэлбэлэх бодисын талаар судалгаа хийж байгаа. Мөн ДНК буюу хүнийг генийн шинжилгээг манай хүмүүс зургаан жил судалж тодорхой ахиц олсон. Үүнийг дэлхийн төвшинд хийхийг хүсдэг. Ялангуяа, хүний амь хохироосон онц хүнд хэрэг, хүчин, дээрмийн хэргийг ДНК-ийн аргаар судалж гарцаагүй нотолгоог гаргадаг тийм лаборатори хэрэгтэй байгаа.

-Энэ бүгдийн шийдвэрлэхээр тодорхой зорилт тавьсан байх.  Зорилтоо биелүүлэхийн тулд ямар ажлыг зохион байгуулж байгаа вэ?

-Ирэх жил замын гэмтэл ослын шалтгаан нөхцөлийг тогтоодог лаборатори байгуулахыг зорьж байна. Өнөөдөр зам тээврийн осол өссөн. Замын цагдаа ослын шалтгааныг тогтоохдоо техникийн талаас нь биш замын хөдөлгөөний дүрэм талаас нь шалгадаг. Түүнээс тормос ямар байсан, машины хурд ямар байсныг тогтоодоггүй.  Мөн нийслэлийн хэмжээнд алба байгуулагдаад гурван жил боллоо. Хотод цогцосыг задлан шинжилгээнд оруулах асуудал маш хүндрэлтэй. Амиа алдсан иргэн  хөлдсөн үү, гэмтсэн үү, түлэгдсэн байж болно. Тэр болгон дээр цагдаагийн нөхөр очоод үзлэг хийгээд манайх уруу авчрахдаа машины арын бүрхүүлтэй чиргүүлээр зөөдөг. Талийгаачийн хөл гар нь савччихсан, заримдаа чиргүүлийн энд тэнд очоод цохигдоод шалбарчихсан ирдэг. Үүнийг гэрийнхэн нь харчихаад л наадах чинь зодуулсан байна гэдэг. Тэгэхээр цогцос ч бай хүн ёсоор хүндлэх, ёс журмын дагуу зөөвөрлөх асуудал хүндээр тавигдаад байгаа. Бид нийслэлд асуудал тавьж өнгөрсөн жил тусгай зориулалтын машин авсан. Энэ жил төсвийн тодотголоор санал оруулж гурван машинтай болох санаатай. Ингэвэл нийслэлийн хэмжээнд цогцос цэвэрлэх асуудлыг тодорхой төвшинд хүргэе гэж зорьж  байна.

-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний байр хотын төвд байрладаг. Энэ зөв үү?

-Задлан шинжилгээний байр Засгийн газрын ордноос 500, ГХЯ-наас 300, НЗДТГ-ын байрнаас 700 метр зайтай. Хотын төвийн А зэрэглэлийн байранд байрлаж байгаа шүүх эмнэлэгт улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн хохирогч нар ирдэг. Мөн байгалийн гамшгаас үүдэн нас барсан хийгээд ДОХ, сүрьеэ, тахал зэрэг халдвар өвчнөөр амиа алдсан иргэдийг авчирч задлан шинжилгээнд оруулдаг.  Магадгүй эндээс халдвөрт өвчин тархахыг үгүйсгэхгүй. Тиймээс болж өгвөл мооргийн өрөө, зарим лабораторийг хотын захад шилжүүлмээр байна. Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уулд гарсан хэргийн улмаас нас барсан хохирогчийг дүүрэг дүүрэгт нь задлан шинжилгээнд оруулах бага оврын төхөөрөмж бүхий байртай болмоор байна. Хотын захаас манайхыг зорин ирэх хүмүүсийн тоо их. 04.00-20.00 цагийн хооронд иргэд тасралгүй ирдэг. Эргээд л гацуурт наран уруу явдаг. Үүний оронд оршин суугаа газрынх ойролцоо дээрх байгууламжийг барьчихвал хохирогчийн ар гэрийнхэнд ч ажил удахгүй болно. Цагдаагийн байгууллага ч хэргийг тухайн газарт шалгаад тухайн газарт нь задлан шинжилгээнд оруулчихвал зүгээр байх.

-Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ямар ямар ажил зохион байгуулав.?

-Манай хамт олон ойн хүрээнд багагүй ажлыг амжуулсан. Хууль зүй, дотоод хэргийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд өндөр бүтээлийн уралдаан зарласан. Шинэ бүтээл, оновчтой санал аянд албан хаагчид идэвхтэй оролцож шинэ арга барил нэвтрүүлж, гарын авлага гаргах зэргээр бодит ажлуудыг хийсэн байгаа. Аянд тэргүүлсэн хүмүүсээ орон нутаг, гадаадад  аялах эрхээр шагнасан. Байгууллагын хэмжээнд спортын тэмцээн, урлагийн наадам зохиолоо. Бүсүүдийн зөвлөгөөн уулзалт хийж, иргэдэд хууль журмыг сурталчилсан.  Энэ мэтчилэн олон арван ажлыг зохион байгуулсан.

Эх сурвалж: www.inet.mn 2011.11.30

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax